2013 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгээр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн захиалгаар Хархираа, Түргэн голын сав газрын экологи, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж хүлээлгэн өгөв.
Энэ судалгаа нь үндэсний эдийн засаг, хөдөөгийн ард иргэдийн амьжиргааны чухал асуудал болох экосистемийн болон усан хангамжийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Энэхүү судалгаанд монголын 29 голын сав газрын нэг Увс нуур-Тэсийн голын сав газрын дэд сав болох Хархираа болон Түргэн голын сав газар болон энэ хоёр голын сав газарт орох Тариалан, Түргэн, Улаангом, Бөхмөрөн, Ховд, Наранбулаг, Сагил сумд хамрагдана.
Хархираа, Түргэн голын сав газарт Увс нуурын ай савын дархан цаазат газрын Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуутын хэсэг хамрагдана. Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газрууд нь дэлхийн бөмбөрцгийн хойт өргөргийн 50°43’27″ ба 48°52’00″ зүүн уртрагын 91°02’12″ ба 95°29’40″ хооронд оршино.
Увс нуурын ай савын дархан цаазат газар нь НҮБ-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд, Дэлхийн өвийн сүлжээнд 2003 онд, Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенцид 2004 онд нэгдэн орж бүртгэгджээ. Мөн олон улсын гео-биосферийн судалгааны бүсэд багтдаг. Түргэн уулын дархан цаазат газар Увс нуурын ай савын дархан цаазат газар багтана.
Хархираа, Түргэн голын сав газрын ус хурах талбайн хэмжээнд далайн түвшингээс дээш 4037 м өргөгдсөн Хархираа, далайн түвшингээс дээш 3965 м өргөгдсөн Их Түргэний уул зэрэг далайн түвшингээс дээш 3750 метрээс илүү өргөгдсөн өндөрлөгүүд нь мөнх цас, богинохон мөсөн голоор хучигдан сүндрэлдэг. Тус хоёр голын савын дотор Дурамын гозгор (Ү.Ө[1].3749 м), Бага түргэн (Ү.Ө.3386 м), Халчиг (Ү.Ө.3009 м), Ямаатын даваа (Ү.Ө.3147 м), Хархираагийн даваа (Ү.Ө.2974 м), Гурван хороо (Ү.Ө.3227м), Үтрээ (Ү.Ө.2039 м), Цагаан Хайрхан (Ү.Ө.3978 м), Түргэн (Ү.Ө.3965 м), Бумбат (Ү.Ө.2623 м), Хас (Ү.Ө.2769 м) зэрэг оргилуудтай Монгол Алтай, Сийлхэм, Цагаан Шувуут, Түргэн, Хархираан бүлэг уул нурууд баруун хойноосоо зүүн урагш чиглэн сунаж тогтсон байдаг.
[1] Ү.Ө – Үнэмлэхүйн өндөр
Сэдэвчилсэн зургуудыг манай (https://www.facebook.com/MongoliaWaterForum/)
FACEBOOK хуудаснаас татаж авах боломжтой.
The study was carried out by Mongolia Water Forum NGO with support of the UNDP project on “Ecosystem-based Adaptation Approach to Maintaining Water Security in Critical Water Catchments in Mongolia”, implemented by the Ministry of Nature and Green Development (Mongolia).
For more information: info@MongoliaWaterForum.com
Thematic maps are available at our FACEBOOK page (https://www.facebook.com/MongoliaWaterForum/)